Thursday, April 29, 2010

Тайтгарах арга зам - маш энгийн

Нэг юм шуудхан хэлчихье. Би их нервний ажил хийсээр удаж байна. Гэхдээ би заавал чадна, ард нь гарна гээд л зүтгэж байгаа. Угаасаа ч би эргэлт буцалтгүй дуртай болсоон. Бусад нөхөд маань бухимдуулна, дээрээсээ авахуулаад түвшин түвшний дарга нартаа загнуулна, нэг дарга нөгөөгөөсөө шал өөрийг ярина, хэр хэмжээндээ би шийдэх ёстой асуудлууд ар араасаа хөвөрнө гээд би нэг нервтэхээрээ мангуу болтлоо нервтэж байна. Тэгээд тайвширч чадахгүй байтал дахиад л маргаашийн шинэ нервтэйгээ золгоно. Хамгийн гол нь хэн нэгэнтэй бодлоо хуваалцаал тайвширчихдаг байсан чинь энд бол хэнтэй ч юу ч хамаагүй ярьж болохгүй нөхцөлд байна даа.

Тараад гэртээ харих замд энүүгээр ч нэг машин дайраад, урдуур ч нэг явган хүн хөндлөн дайраад, тэхдээ бүр зам гарч яваа зарим хүмүүс хөдөө хээр талаар зугаалж яваа юм шиг сайхан тайван, нуруугаа үүрээд л, хүзүүгээ эргүүлж намайг нэг харчихаад л цаашаа хараад аажуухан тайван алхах юм аа. Би бүр ёстой ойлгохгүй, үүнд ёстой их бухимдах юмаа. Хүний өмнөөс зам гарч яваа юм шиг...

Нэг удаа ингэлээ. Автобусаар хоёр ч удаа харилаа. Эхний өдөр би зогсоод явлаа. Ард хоёр хос залуус бие биендээ туниад л байхын. Өмнө зогсоо хос хоёр эрхлэлдээл, залуу нь охиноо үнсээл авахын. Хэдэн бацаанууд дараагийн буудлаас суулаа. Хөвгүүд охидоо шоглоод л, бужигналдаж өгч байнаа. Буудлаас автобус хөдлөнгүүт нэг авгай бууяа гээд л орилоод зүтгэх юм. Маргааш нь харин би эцсийн буудлаас амдаж сууж аваад сандлын мухарт шигдээд авлаа. Автобусны цонхоор олон түмний амьдрал тов тод, сайнтай муутай, сайхан харагджийн. Нэг хүүгийн үүрч явсан цүнхний оосор гэнэт тасраад цүнх нь газар унаад муухай болчихлоо. Тэр дотроо бухимдан цочирдсон л байж таараа. Цэцэрлэг байдаг буудал дөхөөд ирсэн чинь хоёр гурван настай жаалуудаа чирэхийг нь чирээд, тэврэхийг тэврээд зогсож байгаа миний үеийн залуу ээжүүд унаа хүлээгээд зогсож байна. Эвий чааваас, хүүхдүүдээ салхинаас хамгаалаад ам хамаргүй ороон таглажээ. Сургуулийн хэдэн хөвгүүд ороод ирсэн чинь нэгнийх нь пүүз үдээсгүй, явах хөдлөх тоолонд нь суга суга үсрээд болдоггүй ээ. Тэр лав орой банга хүртэнэ дээ, ээж нь над шиг бухимдаж л таараа. Аа нээрээ нэг эмээ байсан. Зайлуул нэг сурагч цүнх барьчихсан, хүнээр түшүүлээд автобуснаас бууж байна. Араас нь нэг 6-7 орчим настай жаахан охин буугаад эмээг дагаж байна. Хөөрхий дөө энэ охиныг эмээгээс өөр зөөх хүн байхгүй бололтой. Охины хувцас хунар, цүнх сэлт нь тийм ч цэвэр ганган бишээс харахад хөөрхий охин эмээтэйгээ байдаг ч байж магад. Эмээ бол охиныг асрах нь байтугай хүн бараатай хажууд нь хань болж байгаа нь их юм даа гэхээр өндөр настан байлаа.

Би дахиад маргааш нь микрт суугаад ажилдаа явлаа. Жолооч нь 40 гаран насны эгч, хэдэн буудал явж, кондуктор нь мөнгөө хурааж дууссаны дараа кондуктортоо хандан хэлж байнаа. За нөгөөдүүл чинь бүгд байна гэнэ дээ... гэнэ. Яаж гарах уу гэж байна. Хоорондоо зөвлөлдсөний эцэст энүүгээр, тэрүүгээр, засвраар, гудмаар явж явж би 20 минут явах газар 40 минут яваад ирлээ. Гэхдээ би бухимдсангүй, харин сонирхолтой байлаа. Яагаад гээч... Тэнд байсан залуу бүсгүйчүүд хаагуур яаж яваад байгаам бэ гэж ирээд л хувьс хувьс хийж байна. Тэд бас над шиг ажлаасаа найдвартай хоцорсондоо бухимдаад дэлбэрэх шахаж байнаа. Нэг өвөө замын дунд буухдаа миний болон хажуугийн хүний өмдөнд гутлаа арчаад буулаа. Би бухимдсангүй. Сандлыг нь хооронд нь шахчихсан юм чинь тэгэхгүй гээд яах юм.

За одоо миний гол гаргалгаа эхэлж байна. Би ганцаараа хэцүү ажил хийгээгүй, би ганцаараа бухимдаагүй. Олон түмэн бүгд бухимдалтай, асуудалтай байна. Би ихэнхдээ машинаар явчихдаг болохоор ажил төрлөөсөө хоцрох, микрээс хараат байх гээд олон хүнийг бодвол арай гайгүй. Хэн завтай нь машинаа унаад хүүхдүүдээ авчихдаг болохоор цас борооноос хүүхдүүдээ аминдаа хамгаалдаг. Энэ нервний ажлыг бусад хүмүүс хийгээд байхад би яагаад чадахгүй байдаг билээ. Иймэрхүү нерв байна. Энэ мэтээр бүх хүн, бүх залуу бүсгүйчүүд, бүх ээжүүд бүх юмнаас болж бухимдаж л байгаа, бас амьдарч л байгаа... Хүн бүрт гэнэтийн нерв тохиолддог... Амьдрал сайхан, нийгэм тайван биш байна... Би ганцаараа амьдраагүй... Бүгд өөр өөрийн асуудалтай... Автобус, микрт сууж, ойр зуур салхинд алхсандаа би өөрийгөө ингээд л тайтгаруулчихлаа. Энэ миний тайтгарах арга зам байжээ.
Давруу бодол. Энэ төрийнхөн, дарга нар, сайдууд нар, машинаар давхилдаад байлгүй, ингээд нэг хэсэгтээ холилдоод явбал ойлгоно доо... Үнэндээ тэд нар амьдралаас тасарсан байдаг л юм билээ... Хэцүү байгаа нь үнэн, тэрийг мэднэ. Гэхдээ өөрийн биеэр үзээгүй л бол хэзээ ч сайн мэднэ гэж байхгүй.

1 comment:

  1. saihan sanaa bna, heregjuuleh gej oroldnoo. gehdee ter avtobusand yavj bhdaa harsan uzegdluudiig chin tusuulun bodson chin nerv hudulj ehellee hehe. yagaad zarim humuust horvoo iim shudarga bus handdyn, yagaad zarim humuus iim uhvar muchid bdyn geed l...

    ReplyDelete