Wednesday, April 28, 2010

Ингэж болдоггүй юм байх даа

Тоочоод тоочоод товчхон хэлнээ.

1. Хамгийн сүүлд болсон халуухан сэдэв нь цалин нэмэх асуудал байлаа. Тэгээд инфляци өснө гэж болгоомжлоод байгаа юм бол цалин нэмэх асуудлаа шоу болголгүй зүгээр л жирийн тушаал шийдвэр гаргадагтайгаа адил цэцэрлэгийн багш нарын цалинг нэмлэээ гээд л, 2-3 сарын дараа сургуулийн багш нарынхыг нэмлээ гээд л, дахиад 3 сарын дараа эмч нарынхыг нэмлээ гээд нэмээд байж болдоггүй юм байх даа... Сүр дуулиан багатайхан шиг... Нөгөө наймаачид, ченжүүд нь үнээ хөөрөгдөе хөөрөгдөж чадахгүй, нэмьеээ нэмж чадахгүй баймаар...

2. Тэр гэр хорооллынхон гэж ад үзэгдсэн хэдэн улс байна аа. Гудамж, жалга дов бүртээ, зарим нь бүр тэгш гадаргуутай сайхан гудамжиндаа хүртэл үнс хогоо хаячих нь. Эсвэл бөөгнүүлээд аятайхан байсан хогийн савнаас айлын нохой орж ирээд зуугаад гудамжинд аваачаад хөглөрүүлээд байдаг ч юм уу. Өнгөрсөн өвөлжингөө тв-р Бэлхэд /бил үү/ таун хаус баригдлаа гээд өнөөхөө зарах гээд рекламдаад байсан. Нэг тиймэрхүү халаалт, бохир эн тэрийг нь шийдсэн орчин үеийн хотхон байгуулаад зараад, зээлээд байж болдоггүй юм байх даа... Эсвэл хийн халаалт шийдэж өгөөд, хэрэглүүлж сургаад энэ тэр...

3. Гадаа зам талбай намайгаа мөн ч их бухимдуулж байна. Зам засч байна, хоолой сольж байна гэж явган хүний замыг будаа болгоод хаячихна. Дараа нь янзалж хуучин хэвэнд нь оруулахгүй. Тэгээд энэ хот чинь зүлэг мод ч үгүй, сайхан зам талбай ч үгүй, бужигнасан шороотой, халтар иргэдтэй хот болоод байгаам ш дээ. Анхнаасаа тэр зам засч, хоолой солих нөхдүүдийг шалгаруулахдаа ийм болзол тавьж болохгүй юм байх даа...

4. Дахиад зам. Энэ явган хүний зам дээр байгаа хавтангуудыг тэв тэгшхэн сайхан тавьчихаж болдоггүй юм уу. Овон товон, энэ булан нь хонхойгоод, тэр булан нь товойгоод, өндөр өсгийттэй явахаар хөл үнэндээ ядрах юм. Өвөл бол хальтарч унаж үхэх гээд хэцүү юмаа.

5. Явган хүмүүс. Жолооч нарыгаа янз бүрийн аян энэ тэрээр сайхан дэг журамд нь оруулчихдаг замын цагдаад явган хүмүүс хамаатай байж болдоггүй юм байх даа. "Хөдөлгөөний соёл" аянаар цагаан зураас хэтэрсэн машин болгоныг алдахгүй барьж байсан цагдаа ах нар, хажууханд нь гарц байсаар байтал наагуур нь зам хөндлөн гарахаар зүтгэж байгаа хэлхээтэй охид хөвгүүдийг "гарцаараа гар" гэчих болов уу гэж харсан чинь тэгсэнгүй ээ. Хөдөлгөөний соёл зөвхөн жолооч нарт хамаатай юу... Гарцаар гардаггүй хүмүүс байвал анхаараарай... Бүх жолооч нар таныг хараад, таныг тойроод гарах чадвартай, сэтгэлтэй биш шүү...

6. За өсвөр насны хөөрхөн охид хөвгүүд, дүү нар минь. Зөрөөд өнгөрөхдөө шүргэхийн төлөө, билет ээ шалгуул гэж кондуктор хэлсний төлөө, замаа хараад яваач гэж нэг хүн хэлсний төлөө ширэв татан хараал ерөөлөө бүү урсгаарай... Ёстой муухай харагдах юм. Хөөрхөн инээгээд, найрсаг загнаад, хэнбугайг ч болов хүндэлж харьцаад байж болохгүй байна уу... Аа тийн бас хогоо хаа хамаагүй хаяхгүй байх хэрэгтэй. Энэ бүгд чиний соёл, хөөрхөн байдлыг улам тодотгож өгнө. Угаасаа чи хүн бүрт хөөрхөн сайхан харагдах гэж хичээдэг насан дээрээ яваа, би мэдэж байна...Охид бол даруу төлөв, эмзэг энхрий байх тусмаа хайр татдаг болохоос, аальгүйтэж, орилж хашгирсан, хялалзаж муухай харсан их зан хэзээ ч гоё харагдуулахгүй...

7. УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдууд, ер нь төр засгийнхаан. Тэр цагаан толгойн үсэг мүсэг хасах тухай хэлэлцэж суухаар, яаж энэ олон залуучуудыг ажил төрөлтэй, зорилготой, амьдрах итгэл сэтгэлтэй болгох вэ гэдэг дээр ямар нэгэн юм хийж болохгүй байгаа юм уу... Хайран сайхан 20 хэдтэй залуус алт нүүрс ухаж, өдрийн хоолоо олох гэж байгаад амиа алдаж байна. Хэн ч ингэж амьдрахыг хүсэхгүй. Уг нь тэд ямар нэгэн үйлдвэрт ажиллаад, нормоо биелүүлээд, цалин шагналаа аваад хүүхэддээ, гэртээ амттай юм аваад харьдаг, ажлаасаа гадна спорт урлагаараа ажлынхантайгаа үзэж тарж, уралддаг, 2 жилийн дараа ингэнэ, 5 жилийн дараа энэ байраа өөрийн нэр дээр болгож авна гэсэн амлалт зорилготой амьдарч байх ёстой юмсан. Одоо байгаа жижиг жижиг үйлдвэр цехүүд хангалттай биш байна. 300, 500, 1000 хүн ажилладаг том том үйлдвэр /гутлын үйлдвэр, төмрийн үйлдвэр, арьс ширний үйлдвэр ч юм уу/ байж, хамт олон гэдэг сайхан орчин бүрдэж байж залуу хүнийг төлөвшүүлээд, хүмүүжүүлээд аваад явчих юм шиг санагдаад байх юм. Энд зөвхөн сургуульд орж чадаагүй, боловсрол эзэмших бололцоогүй залуусын тухай ярьлаа шүү. Хүн бүр 100 хувь гавал толгойтой байх албагүй. Толгойтой байлаа ч янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөллөөс болоод ингэж хоцорсон өч төчнөөн залуусын тухай ярьлаа...

No comments:

Post a Comment