Monday, May 10, 2010

Би бол хувьсал

Би бол амьдралын олон дүрд үргэлж хувирч, тэрнийхээ дагуу янз янзын ааш гаргаж явдаг олон ааштай хүн. Заримдаа би эелдэг сайхан зантай байхад, заримдаа хурц ширүүн, догшин болж өөрийгөө танихаа ч больдог. Айлын сайн охин байх үе ч байсан, арчаагүй залхуу охин ч байсан, намуухан дөлгөөн ээжийн дүрд хувирлаа ч, хатуу зантай эмэгтэй ч болох үе байсан.

Хамаг тэвчээр барагдаад, гомдол гутралаас өөр юмгүй зовлонт бүсгүйн дүрд хувирч байсан удаа байхад толгой эргэмээр магтаал сайшаал хүртээд, чухамхүү л хамгийн азтай эмэгтэй юм шиг өөрийгөө мэдрэх үе байлаа.

10 нас

Ангийнхаа онц сурлагатны тоонд зүй ёсоор ордог, хичээл ном, үүрэг даалгаварыг ягштал биелүүлдэг сайн сурагч байлаа. Гэртээ бол дүүгээ хар, гэрээ цэвэрлэ гэж байнга үглүүлдэг жирийн л нэг охин...

15 нас

Ном харахаараа ухаан мэдрэлээ алдчихдаг, тэрнээсээ болоод дандаа загнуулдаг, гойд онц сурахгүй ч сайн сурдаг сайн сурагчдын нэг байж. Сэтгэлгээ маань улам задгай чөлөөтэй болж, хичээл, даалгавар гэхээсээ илүү ирээдүйгээ тас мартаж, зорилго гэдэг үгийг сонсохоос, бодохоос ч дургүй, найз охидтойгоо нийлж элдвийг хамж ярьдаг, гангалах өвчин туссан ид нас байжээ. Өөрийгөө хэзээ ч хөгшрөхгүй юм шиг л бодож, үүрд мөнхийн энэ насандаа явах юм шиг л загнадаг байж. Эсрэг хүйстнээ сонирхох байгалийн жам энэ үед түлхүү ирж, үерхэл нөхөрлөлийн талаар амаа чилтэл хөөрөлдөж, арай өөр өнцгөөс хорвоог харж эхэлж байжээ.

20 нас

Эрх биш оюутан болсон юм болохоор ирээдүйд юу хийдэг хүн болохоо мэдчихсэн, бас ч гэж тэрнийхээ төлөө зүтгэмэр аяддаг болчихсон байх юм. Гэхдээ л ангийнхаа охидтой үерхэл нөхөрлөл ярьсан хэвээр, дээр нь нэмээд ирээдүй, зорилго энэ тэрээ бас нэг муу юм бодохтойгоо болчихож... Өнөө маргаашдаа өдрөөс өдөрт даруулаад байдаг хичээл номын төлөө санаа зовох үедээ зовноо бас. Гэхдээ гэгээн сайхан хайртай учирч, шинэхэн дурлалт хосууд болоод гүйж явсан 20 нас минь, Би чамд хайртай үүрд хайртай шүү...

25 нас

Нөгөө сайхан хайр минь амьдрал болон хувирч, бид бие даан амьдарч эхэлжээ. Нэг гэрт хамт амьдарна гэдэг тоглоом биш, зугаа цэнгэл биш болох нь өдрөөс өдөрт мэдэгдэж, тэрнийхээ хэрээр үүрэг хариуцлага гэдгийг алхам тутамдаа мэдэрлээ. Нөхөр хүн ямар байх ёстой, эхнэр хүн ямар байх шаардлагатай вэ гэдэг чинь байдаг л нэг жирийн асуудал биш байжээ. Нэг нууц задлахад нэг л зүйлийг би хамгийн их ойлгосон юмдаг. Юу гэвэл эрэгтэй хүн тусдаа гаран өөрийн амьдралаар амьдарлаа гэхэд, нөхөр гэдэг томъёолол руу их удаан, аажмаар шилждэг юм шиг. Тэр яг өмнөх шигээ эрх чөлөөтэй байж, бүгдийг өөрийнхөө өмнөөс шийдэх гээд байдаг. Харин эмэгтэй хүн бол өнөөдөр аавын гэрээс явлаа гэхэд маргаашнаас нь шууд би энэ гэрийн эзэгтэй гэдгээ ухамсарлан ойлгочихсон байдаг байна. Тиймээс ямар ч төвөггүйгээр хоолоо хийгээд, гэрээ цэвэрлээд эхэлдэг ажээ. Хүн хүн өөр ч айл гэрийн эхэн үеийн олон зөрчлүүд үүнээс болдог байх гэж би хувьдаа ажигласан... Бас би энэ үед ээж болох эмзэг үе дээрээ ирчихсэн сайн муу олон аашийг харин ч нэг гаргаж өгсөн байх даа. Тэгээд эцсийн эцэст бүх юман дээр жаахан хүлээцтэй, тэвчээртэй хандахад л бүх зүйл аяндаа өөрөө шийдэгдчихдэг юм шиг.

30 нас

Энэ насанд хүрээгүй байгаа ч, энэ насан дээрээ ирэхэд амьдралыг илүү их таньж ойлгосон байх вий. Ээж гэдэг ухагдахуунд аль хэдийн дасан зохицоод хүүхдийнхээ ирээдүйн талаар бодож зовниж явдаг, хань нөхрийнхөө болон өөрийнхөө ажил төрөл, карьерийг эргэлзэх юмгүйгээр хөөж, бие биендээ түшиг болж, нэг ёсондоо амьдралаа жигдрэх гээд зүтгэж яваа эмэгтэй болох байх.

Миний өөр дүр

Энэ мэтчилэн нас насаараа, үе үеэрээ би байнга хувьсан өөрчлөгдөж иржээ. Цаашдаа бас л нэг өөр дүртэй, өөр эмэгтэй болно. Хүн бүр надтай санаа нийлэхгүй ч, хүн байнга хувьсан өөрчлөгддөг, харин сайнаар уу, муугаар уу гэдэг нь янз бүр ажээ. Угаасаа л бид хэнийг ч ийм болчихож, энэ өөр болчихож гээд л ярьдаг билээ. Үе үеэрээ би өөр дүрд хувирахаас гадна өдөр бүр, хором бүрт өөр өөр эмэгтэй болж хувирдаг байх юм. Өглөө би ажил хэрэгч, хатуу чанга төрхтэй хүн ажил дээрээ ирсэн бол, орой хариад хувцсаа сольж, үсээ боож, жинс өмсөн, намхан гутлаа өмсөж, илүү чөлөөтэй болж аваад хүүхдээ авах гэж гэрээсээ гарна. Тэр үед намайг харсан хүний нүдэнд бол би хэзээ ч гойд санагдахгүй биз ээ. Өнөөдөр би машинаа унаад гарахад, машинтай, “нэг л өөр” эмэгтэй болох бол, маргааш би автобусаар ажилдаа явахад байдаг л нэг эмэгтэй болох биз ээ. Цалин буусан тэр өдөр би супермаркетаар үйлчлүүлж, сагс дүүрэн юм авдаг бол, цалин дуусахын алдад би жирийн л нэг дэлгүүрээр орж, өдөр тутам иддэг талх, сүүгээ авна.

Тиймээ энэ бол миний үнэн дүр төрх... Энэ амьдралын олон дүрд үргэлж хувирч, хувьсаж, дээшилж, доошилж, мандаж бадарч, гутарч гуниж яваа та нарын дүр төрх ч бас мөн билээ.

1 comment: